3. Монгол бөхөн

Монгол бөхөн /Saga tatarica mongolica Bannikov/ нь хөхтөн амьтны аймгийн хос туурайтны баг болох тугалмайтны овогт багтдаг. Дэлхийн гоц ховор амьтны нэг юм. Баглуур таана, монгол өвс бүхий хайрган хөрстэй бартаагүй, дагжуур, хэвгий ээрэм талд нутаглана. Шаргын говийн өмнөд, баруун хойт хэсгээр уулсын бэлээс говийн зах хүртэлх 30 км хүртэл өргөн, 140 орчим км урт зурваст Бумбатын тал, Өгөөмөрийн тал, Далан түрүү, Тунгалаг, Дугуйн далан, Шагшигийн дөрөлж, Адуун чулууны гүдэн, Ихэс нуурын хотгорт үлджээ. Мөн хар ус нуураас урагш Алтайн уулсын бэлээр хэсэгхэн газар цөөн тооны бөхөн байдаг. 1981 оны байдлаар Шаргын говьд 1000 шахам толгой, Ховд аймгийн Манхан сумын орчим 30 бөхөн байжээ.
Шаргын говьд Монгол бөхөнгийн нөөц газар, Манхан сумын нутагт бөхөн чөлөөтэй байрших тайван бүс тогтоох зорилгоор хамгаалалтанд авсан. Монгол улсад бөхөн агнахыг 1930 оноос эхлэн хуулиар хориглосон. Устах аюулд орсон зэрлэг ургамал, амьтны зүйлийн олон улсын худалдааны тухай 1973 оны 1-р хавсралт болон Байгаль түүний нөөц баялагийг хамгаалах олон улсын Улаан номонд нэр нь оржээ.
Гадаад төрх, танигдах шинж чанар
116 см-ын урт биетэй , зооны өндөр нь 75 см бөгөөд 32 кг хүртэл жин татдаг . Сүүлний урт 25 см, цайвар шаргал зүстэй, хос шорон эвэртэй. Эмэгчин бөхөн нь эвэргүй. Зун улаан шаргал, өвөл цайвар саарал, нялх янзага бор хүрэн зүстэй. Хүзүүгээ урагш сунган, толгойгоо гудайлган бөхийж, цагт 60-70 км хүртэл хурдлан давхидаг.
Амьдралын хэв шинж
Аль болох сайн идэш ууштай бэлчээрээ сонгон идээшилж ойр ойрхон солиж сэлгэнэ. Хол нүүдэллэхгүй. Шаргын говиор өвөлдөө тавиас доошгүй тоо толгойгоор сүрэглэн амьдрана. Урин дулаан цагаар сүрэг бутран тардаг. Ороо нь нэг сард ордог ба хээлээ таван сар тээгээд зун зургаан сарын дундуур төллөдөг. Эмэгчин нь ихэрлэх магадлал ихтэй бөгөөд арван зургаа хүртэл хувь нь үргэлж ихэрлэдэг.
Эмэгчингүүд нь заримдаа долоон сартайдаа хэржин арван есөн сартайдаа үржилд орж эхэлнэ. Говийн хялгана, таана, хөмүүл, баглуур, шарилж зэрэг гучаад төрлийн өвс ургамлаар хооллдог. Хавар өвс ногоо нялх шүүслэг үед бол бараг ус уудаггүй байна. Гельминт 17, хачиг 2, арьсны гуур 1 зүйл шимэгчилдэг. Таван хошуу малын өвчин болох омруу өвчинг тусахдаа маш хүнд тусдаг байна. Нялх зулзага, янзага нь хүнд дасан гаршихдаа амархан байдаг бөгөөд өсөн ториноод нас бие хүрээд хэвийн бөхөн шиг үржиж төлждөг.
Хамгаалах арга
Монгол бөхөнгийн бэлчээр нутаг дээгүүр дайран өнгөрсөн олон салаа зам жимийг багасган журамлах, замын хяналт шалгалтыг чангатган сайжруулах. Тархац нутгийг нь улсын тусгай хамгаалалтанд нэмэн орон нутгийн сүлжээнд хамруулах, гаршуулан тэжээн, өсгөн үржүүлж, бэлчиж байсан нутагт нь ахин нутагшуулах, бөхөнгийн бэлчир нутагруу малыг бэлчээхгүй давхцуулахгүй байх, биологийн судалгааг нарийвчилан гүнзгийрүүлэн судлах, хууль бус авыг таслан зогсоож, тухай бүрт нь хариуцлага тооцох, орон нутгийн иргэдийн хамтын нөхөрлөл, төрийн бус байгууллагуудтай хамтран Монгол бөхөнгийн бэлчир нутгийг тэдгээр иргэдэд хариуцуулан өгч тухайн бүс нутгийн иргэн бүрийг байгаль хамгаалагч болгон иргэний үүргийн биелэлтийг нь хангах, төр засгаас дэмжих хамгаалалт, хяналтын системийг тогтмолжуулан, тэдгээр иргэдийн хүчээр хууль бус ан авыг таслан зогсоож арилгах, байгалийн ган гачиг, цас зудны, гамшиг тохиолдоход биотехникийн нэмэлт арга хэмжээ авах, удмын санг хадгалах.

Хэдийгээр монгол оронд нэн ховор амьтадыг агнахын эсрэг хууль батлагдан мөрдөгдөж байгаа боловч хууль бусаар Монгол бөхөнг агнах явдал байсаар байна. Тиймээс Монгол бөхөн тархан суурьшсан нутгийн иргэд болон хууль хүчний байгууллага хамтран хуулийг хэрэгжүүлэх нь хамгийн чухал алхам юм.

Comments

Popular posts from this blog